Юүтүб од Жейк Паул гурав дахь ялалтаа байгуулав

Д. Бямбажаргал

Юүтүб од гэгдэх Жейк Паул, UFC-гийн тулаанч Бен Аскрентэй өнгөрсөн бямба гарагт тулалдаж ялалт байгууллаа. Тэдний "цуутай" тулаан ердөө 1 минут 59 секунд л үргэлжилсэн аж.
"Би та нарт өөрийгөө жинхэнэ тулаанч гэж хэлсэн биз дээ" хэмээн Ж. Паул тулааны дараах ярилцлагадаа хэлсэн байна.
Ялагдалгүй үргэжилж байгаа түүний мэргэжлийн боксын карьерийнх хувьд гурван тулаан хийсэн бөгөөд өмнөх өрсөлдөгчид нь нутаг нэгт юүтүбэр Али Элсон Гиб, NBA-ийн тоглогч Нейт Робинсон нар байсан юм.
Ж. Паул Б. Аскренийг баруун гараараа хүчтэй цохиж газар унагаасан хэдий ч Аскрен дахин хөл дээрээ босч иржээ. Гэсэн хэдий ч шүүгч тулааныг үргэлжлүүлэлгүйгээр дуусгаж Б. Аскрен ялагдал хүлээсэн юм.
"Би бүтэн 4 сарын турш өдөр болгон энэ тулаанд бэлдэж дасгал сургуулилт хийсэн, миний амьдралд тохиолдсон хамгийн галзуу үе байлаа. Би та нарт эхний раундаар л түүнийг буулгаж авна гэдгээ хэлсэн, би бол жинхэнэ тулаанч, үүнийгээ би хэдэн удаа хүмүүст батлаж харуулах ёстой юм бэ?" хэмээн Ж. Паул хэлсэн байна.
Тулааны дараа Б. Аскрен "Энэ бол миний сүүлийн тулаан байх болно" гэж нэгэн ярилцлагын үеэр хэлжээ.