Чансааны №33-аас Их Дуулга хүртэв
Францын Парист явагддаг шороон талбайн "Ролан Гаррос" Их Дуулгын тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд дэлхийн чансааны №31-т бичигддэг ОХУ-ын Анастасия Павлюченкова, №33-т жагсдаг Чехийн Барбора Крэйжикова нар аваргын төлөө тунаж үлдсэн билээ.
Гурван сэт үргэлжилсэн хүндхэн тоглолтын эцэст Чехийн Б.Крэйжикова өрсөлдөгчөө 6:1, 2:6, 6:4-өөр буулган авч Их Дуулгын анхны түрүүгээ хүртлээ. Ердөө 10 сарын өмнө чансааны топ 100-д ч "сураггүй" байсан чех бүсгүй WTA-гийн зэрэглэл дээгүүр зохиогддог тав дахь тэмцээндээ оролцоод Их Дуулгын цомыг өргөх нь тэр.
Энэ жилийн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд шинэ аварга төрөх нь эрт тодорхой болсон. Өнгөрсөн жилийн аварга Польшийн Ига Свиатек дахин түрүүлэх өндөр магадлалтайд тооцогдож байсан ч шөвгийн наймд Грекийн Мария Саккарид хожигдсоноор хагас шигшээд өмнө нь Их Дуулга авч үзээгүй дөрвөн теннисчин үлдсэн юм.