Наоми Осака Америкийн нээлттэй тэмцээний шигшээд шалгарсан анхны япон теннисчин болов
Д. Бямбажаргал
Америкийн нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд аваргын төлөө өрсөлдөх тамирчид тодорлоо. АНУ-ын хашир туршлагатай теннисчин Серена Уильямс Латвийн Анастасия Севастоваг 6:3, 6:0-ээр илүүрхэж, ес дэх удаагаа финалдав. Тэрбээр нийт зургаан удаа Америкийн нээлттэй тэмцээний аварга болсон билээ.
Харин түүний өрсөлдөгчөөр Японы 20 настай залуу теннисчин Наоми Осака тодорлоо. Тэрбээр хагас шигшээд АНУ-ын Мэдисон Кэйсийг 6:2, 6:4-өөр ялснаар Японы эмэгтэй теннисчдийн төдийгүй Ази тамирчдын хувьд түүхэнд шинэ хуудас нээж, анх удаа Америкийн нээлттэй тэмцээний финалд өрсөлдөх болов.