Боксчин асан Оскар Де Ла Ойяа АНУ-ын Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөнө
Д. Бямбажаргал
Нэртэй тамирчид улс төрийн карьер хөөсөн түүхийг бид сайн мэднэ. Ийм тамирчдын эгнээнд нэрт боксчин Оскар Де Ла Ойяа орох бололтой. Гэхдээ тэр мужийн захирагч юм уу, сенатын гишүүнд бус харин АНУ-ын Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөх гэнэ.
Энэ жил 45 настай Оскар 2009 онд мэргэжлийн боксын замналаа өндөрлөсөн. Үүнээс өмнө олимпийн аварга, мэргэжлийн боксын зургаан дивизионд аваргын бүс эзэмшиж байсан юм.
Өдгөө боксын томоохон тулаан зохион байгуулагч болсон Оскар улс төрд орно гэсэн цуу яриаг үнэн гэдгийг өөрөө баталжээ. Тэрбээр Канело Алварес, Женнади Головкин нарын тулааныг зохион байгуулж буй. Энэ талаар Лас Вегас хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мексик гаралтай америк боксчин ярьсан юм.
